Бениаминыг Иосеф барив

44
1 Иосеф гэрийн даамалдаа — Тэдний даацынх нь хэрээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутных нь аманд хий! 2 Бас миний аяга буюу мөнгөн аягыг хамгийн залуугийнх нь уутны аманд тарианых нь мөнгөтэй хамт хий! гэж тушаав. Тэрээр Иосефын хэлсэн ёсоор бүгдийг хийж, 3 үүр гэгээрэхэд эрчүүдийг болон илжгийг нь явуулав. 4 Тэднийг хотоос гараад, холдоогүй байхад Иосеф даамалдаа хандаж — Яв, эрчүүдийн хойноос хөөн гүйцэхдээ тэдэнд “Та нар яагаад тусыг усаар хариулна вэ? 5 Энэ бол миний эзний уудаг мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь бус уу? Та нарын ингэж хандсан чинь мууг л үйлдсэн байна даа” гэж хэл хэмээжээ. 6 Даамал тэднийг гүйцэж очоод, тэдэнд тэр ёсоор хэлэв. 7 Тэд — Эзэн минь! Та яагаад ийм үг хэлнэ вэ? Ийм зүйл үйлдэх нь таны зарц нараас хол байг. 8 Харагтун, бидний уутан дотор байсан мөнгийг ч бид Канаан нутгаас танд буцааж авчирсан. Бид таны эзний гэрээс алт, мөнгө яахан хулгайлах билээ? 9 Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэг. Бид ч бас эзнийхээ боол болог гэсэнд 10 даамал — Тэгвэл та нарын үгээр болог. Хэнээс тэр юм олдоно, тэрээр миний зарц болж, та нар харин гэм зэмгүй болно гэв. 11 Тэгээд тэд тус тусынхаа уутыг газарт яаран буулгаж, хүн бүр уутаа нээсэнд 12 даамал хамгийн ахмадаас нь эхлээд хамгийн залууг нь хүртэл нэгжиж, нөгөө аяга нь Бениамины уутнаас олджээ. 13 Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав. 14 Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв. 15 Иосеф тэдэнд — Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлгө тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв. 16 Иуда — Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв. 17 Харин Иосеф — Ийм юм үйлдэх нь надаас хол байг! Гараас нь аяга олдсон тэр хүн л миний зарц болно. Та нар харин эцэгтээ амар тайван буцацгаа гэв. Бениаминыг Иуда хаацайлав 18 Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь — Эзэн минь ээ! Зарц тань эзнийхээ сонорт нэг үг айлтгая. Та болгооно уу? Таны уур хилэн зарцынхаа эсрэг бүү шатаг. Учир нь та бол Фараонтай адил билээ. 19 Эзэн минь, та зарц нараасаа “Та нар эцэгтэй юү, дүүтэй юү?” гэж асуусан. 20 “Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хөвгүүн бий, түүний ах нь үхсэн тул тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэндээ хэлсэн билээ. 21 Та зарц бидэнд “Түүнийгээ над дээр аваад ир! Би түүнийг чинь үзье” гэж хэлсэн шүү дээ. 22 Тэгэхэд “Тэр хүү эцгээ орхиж чадахгүй. Хэрэв тэр эцгээ орхивол эцэг нь үхэх болно” гэж бид эзэндээ хэлсэн билээ. 23 Тэгэхэд та зарц нартаа хандаж “Хэрэв отгон дүү чинь та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүүрийг дахин харахгүй” гэсэн билээ. 24 Тэгээд бид таны зарц, эцэгтээ буцаж очихдоо эзнийхээ үгийг түүнд хэлсэн. 25 Тэгээд эцэг маань “Буцаж яваад, бидэнд жаахан хоол хүнс худалдаж ав!” гэхээр нь 26 “Бид явж чадахгүй. Хэрэв отгон дүү маань бидэнтэй хамт байвал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт байхгүй бол тэр хүний нүүрийг бид харж чадахгүй” гэсэнд 27 таны зарц, бидний эцэг бидэнд хандан “Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад хоёр хүү төрүүлж өгсөн. 28 Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тасчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй. 29 Хэрэв та нар энэ нэгнийг нь надаас авч яваад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та нар уй гашуудалтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно” гэв. 30 Эцгийнх нь амь хүүгийнхээ амьтай холбоотой байдаг учир одоо намайг эцэгтээ буцаж очиход энэ хүү бидэнтэй хамт байхгүй бол 31 эцэг маань хүүгээ байхгүйг үзээд, үхэх болно. Тэгвэл бидний эцэг, таны зарцын буурал толгойг таны зарц бид уй гашуудалтайгаар Үхэгсдийн оронд очуулах болно. 32 Таны зарц би эцэгтээ энэ хүүгийн төлөө даалт гаргаж “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө бүх өдрүүддээ нүгэлтэн болно” гэж хэлсэн билээ. 33 Тиймээс зарц намайг энэ хүүгийн оронд эзний зарц болгон үлдээж, түүнийг ах нартай нь хамт явуулаач! 34 Тэр хүү надтай хамт байхгүй бол би эцэгтээ хэрхэн очих вэ? Эцэгт минь учрах гай зовлонг надад бүү харуулаач гэв.