Аталиа Иудиаг захирав

(2Шс 22:10—23:15)

11 1 Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 2 Харин Иорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба нь Ахазиагийн хүү Иоашийг алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авч, хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж тэрээр алагдсангүй. 3 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр түүний хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.

Иоаш хүүг Иехоиадиа тослов

 4 Харин долоо дахь жилд нь Иехоиада хүн илгээж, каричуудын болон хамгаалагчдын зуутын дарга нарыг ЭЗЭНий өргөөнд өөр дээрээ ирүүлэв. Тэгээд тэрээр тэдэнтэй гэрээ байгуулсан ба ЭЗЭНий өргөөнд тэднийг тангараглуулж, тэдэнд хааны хүүг харуулав. 5 Тэрээр тэдэнд тушаан

 —Та нарын хийх зүйл энэ юм. Амралтын өдөр үүрэггүй байсан ч та бүгдийн гуравны нэг нь ирж хааны өргөөг харгалзаг. 6 Гуравны нэг нь бас Суур дааман хаалган дээр мөн гуравны нэг нь хамгаалагчдын арын дааман хаалган дээр хамгаалалтын төлөө ордныг харгалзах ёстой. 7 Амралтын өдөр хамгаалалтын үүрэгтэй байдаг бүх хүн буюу та нарын үлдсэн хоёр хэсэг нь хааны төлөө ЭЗЭНий өргөөг хамгаалагтун. 8 Тэгээд хүн бүр зэвсгээ гартаа авч, хааныг хүрээлэн зогс. Хүрээний дотор орогч хэнийг ч болов алагтун. Гарч, орох бүрийд нь хаантай хамт байгтун гэв. 9 Зуутын дарга нар тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тэдний хүн бүр Амралтын өдөр ордог гардаг бүх эрсээ дагуулан тахилч Иехоиада уруу ирэв. 10 Зуутын дарга нарт тахилч харин ЭЗЭНий өргөөнд байсан, Давид хааны жад,  бамбайнуудыг өгөв. 11 Харуулын хүн бүр гартаа зэвсгээ бариад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар зогсоцгоов. 12 Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэлийг өгч түүнийг хаан болгов. Тэд түүнийг тосолж, алга ташин

 —Хаан мөнх наслаг! гэцгээв.

Аталиагийн үхэл

 13 Харуулын ба ард түмний дуу чимээг Аталиа сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ. 14 Түүнийг харахад хаан заншлыг даган баганын дэргэд зогсож байв. Ахмадууд болон бүрээчид хааны дэргэд зогсож, тэр газрын бүх ард түмэн баярлалдан бүрээгээ хүнгэнүүлж байлаа. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад

 —Тэрслэл! Тэрслэл! гэж хашхирав. 15 Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарт тушаан тэдэнд

 —Тэр эмийг хүрээн дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун гэв. Учир нь тахилч “Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун” гэжээ. 16 Ингээд тэд түүнийг баривчлан хааны өргөөний адууны хаалганы үүдээр гаргаж тэнд тэрээр хороогдов.

 17 Дараа нь тэд ЭЗЭНий ард түмэн байна гэсэн гэрээг Иехоиада ЭЗЭН ба хааны хооронд мөн ЭЗЭН ба ард түмний хооронд байгуулж мөн хаан ба ард түмний хооронд ч байгуулжээ. 18 Тэрхүү газарт байсан бүх ардууд Баалын өргөөнд очин, түүнийг буулган нураажээ. Түүний тахилын ширээнүүд ба хөргүүдийг нь тэд юу ч үгүй болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алав. Иехоиада, ЭЗЭНий өргөөг хариуцах түшмэдийг томилов. 19 Тэрээр зуутын дарга, каричууд, хамгаалагчид болон тэр газрын бүх ард түмнийг дагуулжээ. Тэд хааныг ЭЗЭНий өргөөнөөс аваад, хамгаалагчдын дааман хаалганы замаар хааны өргөөнд ирэв. Тэрээр хаадын сэнтийд заларчээ. 20 Ингээд тэр газрын бүх ард олон баярлан хөөрсөн бөгөөд Аталиаг хааны өргөөнд илдээр цавчин хороосны дараа хот нам гүм болов. 21 Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.