Иудагийн уналт ба олзлогдол

(2Шс 36:13–21; Иер 52:3б–11)

Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов. 25 1 Тэгтэл хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар 25сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ. 2 Ийнхүү Зедекиа хааны арван нэгдүгээр он хүртэл хот бүслэлтэд байв.

 3 Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ. 4 Хотын хана цөмөрч, хотыг халдеичууд хүрээлсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хананы хоорондох хаалганы замаар дамжин шөнө нь зугтааж Арабагийн зүг явжээ. 5 Гэвч халдеичуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж, Иерихогийн талд түүнийг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин сарнив. 6 Тэгээд тэд хааныг олзлоод, Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов. 7 Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.

 8 Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан, Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны зарц, ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ. 9 Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав. 10 Ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав. 11 Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ. 12 Ахлах хамгаалагч тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв. 13 ЭЗЭНий өргөөнд байсан хүрэл багананууд мөн ЭЗЭНий өргөөнд байсан тавиурууд болон хүрэл тэнгисийг халдеичууд хэсэглээд бүх хүрлийг нь Вавилон уруу авч явав. 14 Тэд бас тогоонууд, утгуурууд, чимхүүрүүд, угаагуурууд, хайруулууд болон үйлчлэлд хэрэглэгдэж байсан бүх хүрэл савыг авч явжээ. 15 Бойпрууд ба угаалгын савнууд зэрэг алт, мөнгөн эд зүйл бүхнийг ахлах хамгаалагч авч явжээ. 16 ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны хийсэн хоёр багана, нэг цутгамал тэнгис, тавиурууд болон сав суулгуудын хүрэл нь хэмжээлшгүй их байжээ. 17 Нэг баганын өндөр нь арван найман тохой бөгөөд түүн дээр хүрэл дог байв. Догийн өндөр нь гурван тохой, догийг тойруулсан тор ба анарууд бүгд хүрлээр хийгдсэн байв. Тороор чимэглэсэн нөгөө багана нь ч мөн адил байв. 18 Тэгээд тэргүүн тахилч Сераиа, дэд тахилч Зефаниаг сүмийн гурван хаалгачийн хамт ахлах хамгаалагч авч явав. 19 Тэрээр бас дайчдын жанжин нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ. 20 Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив. 21 Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохиж алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.

Иудагийн захирагч Гедалиа

(Иер 40:7–9; 41:1–3)

 22 Иуда газарт өөрийн үлдээсэн хүмүүсийг захируулахаар Вавилоны хаан Небухаднезарын томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилов. 23 Вавилоны хаан, Гедалиаг томилсныг цэргийн бүх жанжин өөрсдийн хүмүүсийн хамт сонсоод, Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хүү Иоханан, нетофат хүн Танхуметын хүү Сераиа, маакат хүний хүү Иаазаниа нар өөрсдийн хүмүүсийн хамт Мизпад Гедалиа дээр ирцгээжээ. 24 Гедалиа тэдэнд болон тэдний хүмүүст

—Халдеичуудын түшмэдээс бүү айгтун. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно гэж тэдэнд тангараглав.

 25 Тэгтэл долдугаар сард Елишамагийн ач Нетаниагийн хүү болох хааны ургийн Ишмаел арван эрийн хамт ирээд Гедалиаг болон Мизпад түүний хамт байсан иудейчүүдийг бас халдеичуудыг цохиж алжээ. 26 Тэгээд халдеичуудаас айж байсан их бага гэлгүй бүх хүн бас цэргийн жанжингууд босон Египет уруу оджээ.

Иехоиахин шоронгоос суллагдав

(Иер 52:31–34)

27 Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин долоонд Вавилоны хаан Евил-меродах хаанчилж эхэлсэн тэр жилдээ Иудагийн хаан Иехоиахинийг шоронгоос гаргав. 28 Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавьжээ, 29 Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны өмнө тогтмол зооглодог болов. 30 Хаанаас түүний амьдралынх нь бүх өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.