Шунем эмэгтэй газраа авав

8 1 Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв. 2 Ийнхүү мөнөөх эмэгтэй босож Бурханы хүний үгийн дагуу үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ яваад долоон жилийн турш филистчүүдийн нутагт түр амьдрав.

 3 Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ. 4 Хаан

 —Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлийг надад ярьж өгөөч гэж Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв. 5 Үхсэн нэгнийг Елиша хэрхэн амь оруулсан тухай хаанд ярьж байх үед нь, харагтун, хүү нь амилуулагдсан тэрхүү эмэгтэй өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар иржээ. Гехази

 —Эзэн хаан минь, энэ чинь өнөөх эмэгтэй бөгөөд энэ чинь Елишагийн амь оруулсан, түүний хүү байна гэв. 6 Хаан эмэгтэйгээс асуухад тэр түүнд ярьж өглөө. Тиймээс хаан тэр эмэгтэйн төлөө нэгэн түшмэлийг томилон

 —Энэ эмэгтэйнх байсан гэсэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь өнөөг хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан өгөгтүн гэв.

 Бен-хададын үхэл

 7 Дараа нь Елиша Дамаскт ирэв. Арамын хаан Бен-хадад өвчтэй байсан бөгөөд түүнд

 —Бурханы хүн энд ирээд байна гэж мэдэгджээ. 8 Хаан, Хазаелд

 —Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв. 9 Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон

 —Таны хүү Арамын хаан Бен-хадад асуулгахаар намайг тан уруу илгээж, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ. 10 Тэгэхэд Елиша түүнд

 —Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв. 11 Тэрээр Хазаелыг аягүйцтэл нь гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав. 12 Хазаел

 —Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша

 —Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь няц дарж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав. 13 Тэгэхэд Хазаел —Гэвч зарц тань юусан билээ? Эгэл нохой ийм агуу юм хийх үү? гэсэнд Елиша

 —Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав. 14 Ингээд тэр Елишаг орхин эзэн дээрээ буцаж ирсэн бөгөөд Бен-хадад түүнээс

 —Елиша чамд юу гэж хэлэв? гэсэнд тэрээр

 —Таныг заавал эдгэрнэ гэж тэр надад хэллээ гэж хариуллаа. 15 Дараагийн өдөр нь тэрээр бүтээлэг аваад усанд дүрж Бен-хададын нүүрэн дээр тавьж түүнийг үхүүлэв. Хазаел түүний оронд хаан болов.

Иудаг Иехорам хаанчлав

(2Шс 21:1–20)

16 Израилийн хаан Ахабын хүү Иорамын тавдугаар онд Иехошафат Иудагийн хаан байсан ба Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ. 17 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ. 18 Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар замнав. Учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. 19 Гэсэн ч Давидад болон түүний хөвгүүдэд дэнлүүг эгнэгт өгнө гэж ЭЗЭН амласан учир Өөрийн зарц Давидын төлөө Иудаг устгахыг хүссэнгүй.

 20 Түүний өдрүүдэд Едом нь Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан өргөмжилжээ. 21 Тэгэхэд Иорам бүх тэрэгт цэрэгтэйгээ Заир уруу гатлан очив. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь бүслэн байсан едомчуудыг болон тэрэгт цэргийн дарга нарыг нь цохисон боловч түүний цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов. 22 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ.

 23 Иорамын бусад үйл хэрэг болон түүний үйлдсэн бүхэн нь Иудагийн хаадын шастир номд бичигдсэн бус уу? 24 Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод тавигдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.

Иудаг Ахазиа хаанчлав

(2Шс 22:1–6)

  25 Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёрдугаар онд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв. 26 Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Израилийн хаан Омрийн ач охин Аталиа гэдэг байв. 27 Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан Ахабын гэрийн адил, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.

 28 Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот- гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд тэнд арамчууд Иорамыг шархдуулав. 29 Тэгээд Иорам хаан Арамын хаан Хазаелтай Рамад тулалдаж байх үед нь арамчуудын учруулсан шархыг эдгээхээр Иезреел уруу буцжээ. Ахабын хүү Иорам шархтай байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа түүнтэй уулзахаар Иезреел уруу явжээ.