Иудагийн хаан Амазиа

(2Шс 25:1–24)

14 1 Израилийн хаан Иоахазын хүү Иоашийн хоёрдугаар онд Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа хаан болов. 2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддан гэдэг байв. 3 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч өвөг эцэг Давид шигээ байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв. 4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв. 5 Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 6 Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр алсангүй. 7 Тэрээр Давст хөндийд арван мянган едом хүнийг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел гэж нэрлэв.

 8 Дараа нь Амазиа элч нарыг Иехүгийн ач, Иехоахазын хүү, Израилийн хаан Иехоашт илгээн

 —Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя гэв. 9 Израилийн хаан Иехоаш, Иудагийн хаан Амазиад хүн илгээн

 —Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ. 10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? гэв. 11 Гэвч Амазиа сонссонгүй. Ингээд Израилийн хаан Иехоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 12 Иуда, Израильд ялагдан хүн бүр өөр өөрсдийн майхан уруу зугтаажээ. 13 Тэгээд Израилийн хаан Иехоаш, Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав. 14 Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.

 15 Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 16 Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид тавигдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.

 17 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа нь Израилийн хаан Иехоахазын хүү Иехоашийг өөд болсноос хойш арван таван жил амьдрав. 18 Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 19 Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн түүнийг тэнд алжээ. 20 Тэгээд тэд шарилыг нь морин дээр тэгнэн авчирч, Иерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ. 21 Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ. 22 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елатыг босгон Иудад нэгтгэв.

II Иеробоам Израилийг хаанчлав

  23 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тавдугаар онд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав. 24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс холдож зайлсангүй. 25 Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойгоос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм. 26 Учир нь Израилийн маш гашуун зовлон зүдүүрийг ЭЗЭН харжээ. Боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй байсан юм. 27 Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин ч Иоашийн хүү Иеробоамын гараар Тэр тэднийг аварсан болой. 28 Иеробоамын бусад үйл хэрэг, түүний үйлдсэн бүхэн мөн түүний хүч чадал ба тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 29 Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилийн хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа оронд нь хаан болжээ.