ЭЗЭНий өргөөг засварлав

(2Шс 24:1–16)

12 1 Иехүгийн долдугаар онд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв. 2 Тахилч Иехоиадагаар зааварлуулж байсан өдрүүддээ Иехоаш, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн юм. 3 Гагцхүү мөргөлийн өндөрлөгүүд л зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. 4 Дараа нь Иехоаш, тахилч нарт

 —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх сэтгэл нь хөдөлсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг 5 тахилч нар тусбүр хандивлагч хүмүүсээс аваг. Харин тэд өргөөнд олдсон аливаа эвдрэлийг засварлаг гэв. 6 Гэвч Иехоаш хааны хорин гуравдугаар он гэхэд тахилч нар өргөөний эвдрэлийг засаагүй л байв. 7 Тэгэхэд Иехоаш хаан тахилч Иехоиада болон тахилч нарыг дуудан тэдэнд

 —Яагаад та нар өргөөний эвдрэлийг засварлахгүй байна вэ? Тиймээс одоо хандивлагч хүмүүсээс дахин мөнгө авахаа больж, харин үүнийгээ өргөөний эвдрэлийг засварлахад зарцуул гэв. 8 Ингээд ард түмнээс мөнгө авахаа ч, өргөөний эвдрэлийг засварлахаа ч болихыг тахилч нар зөвшөөрөв. 9 Тэгээд тахилч Иехоиада нэг авдар авч, таган дээр нь нүх гаргаад, тэр авдраа ЭЗЭНий өргөөнд ордог хаалганы баруун талд тахилын ширээний хажууд тавьжээ. Босгыг хамгаалдаг тахилч нар ЭЗЭНий өргөөнд авчирсан бүх мөнгийг тэр авдарт хийв.

 10 Авдран дотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ. 11 Тооцоолсон мөнгөө тэд ажил хийгчид буюу ЭЗЭНий өргөөг хянагчдын гарт өгөв. Тэд үүнийг ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан мужаанууд болон барилгачдын хөлсөнд өгчээ. 12 Мөн чулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ. 13 Харин ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийсэнгүй. 14 Учир нь тэд мөнгийг ажилчдад өгсөн бөгөөд түүгээр тэд ЭЗЭНий өргөөг засварлажээ. 15 Мөнгийг гарт нь хариуцуулсан хүмүүс итгэлтэй байсан тул ажиллагсдад хөлсийг нь өгүүлэхдээ тэднээс тайлан тооцоо шаардсангүй. 16 Ялын тахил болон нүглийн тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулсангүй. Тэр нь тахилч нарт зориулагдав.

Иерусалимыг Хазаел сүрдүүлэв

17 Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гатын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв. 18 Иудагийн хаан Иехоаш нь Иудагийн хаад байсан эцэг өвгөд Иехошафат, Иехорам, Ахазиа нарынхаа зориулан өргөсөн бүх ариун эд юмсыг мөн өөрийн ариун эд юмсыг болон ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алтыг Арамын хаан Хазаелд илгээв. Тэгэхэд л Хазаел Иерусалимаас холдон оджээ.

Иоашийн үхэл

 19 Иоашийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 20 Түүний зарц нар хуйвалдаан зохиож түүний эсрэг босов. Силла уруу урууддагийн тэндэх Миллогийн ордонд Иоашийг тэд цохив. 21 Түүний зарц нар болох Шимеатын хүү Иозакар ба Шомерын хүү Иехозабад нар цохисонд тэр үхэв. Тэрээр эцэг өвгөдтэйгөө хамт Давидын хотод тавигдаж, түүний хүү Амазиа оронд нь хаан болжээ.