119 1Явдал үйл нь гэм зэмгүй,
ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
2Түүний гэрчлэлүүдийг сахин,
Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ!
3Тэд бас ямар ч шударга бусыг үйлддэггүй.
Тэд Түүний замаар явдаг.
4Биднээр хичээнгүйлэн сахиулахаар
Та Өөрийн тушаалуудыг тогтоосон юм.
5Таны зарлигуудыг сахихаар
Замууд минь бат тогтоосой!
6Тэгвэл Таны бүх тушаалуудыг анхаарах цагт
Би ичихгүй.
7Таны зөв шударга шүүхээс сурахдаа
Би шулуун шударга зүрхээр Танд талархах болно.
8Би Таны зарлигуудыг сахин биелүүлэх болно.
Намайг бүрмөсөн бүү орхиоч!

9Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийн дагуу сахиснаар…
10Би бүхий л зүрхээрээ Таныг эрэн хайсан.
Таны тушаалаас холдон тэнүүчлэхийг надад бүү зөвшөөрөөч!
11Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.
12Өө, ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
13Таны амнаас гарсан бүх тогтоолыг
Би уруулаараа тунхагласан юм.
14Би бүх баялагт баясдагтай адил
Таны гэрчлэлүүдийн замд баяссан юм.
15Би Таны тушаалуудыг бясалгаж,
Таны замуудыг эргэцүүлэх болно.
16Би Таны зарлигуудад баярлана.
Би Таны үгийг мартахгүй.

17Намайг амьд байлгаж, Таны үгийг сахин биелүүлүүлэхийн тулд
Өөрийн зарцдаа өгөөмөр хандаач.
18Таны хуулийн гайхамшигт зүйлсийг
Надад харуулахаар нүдийг минь нээгээч.
19Би газар дэлхийд гаднын хүн билээ.
Өөрийнхөө тушаалуудыг надаас бүү нуугаач.
20Таны тогтоолуудыг цаг үргэлж хүсэн тэмүүлсээр
Сэтгэл минь шаналж байна.
21Таны тушаалаас салан тэнүүчилдэг
Бардам хүн буюу хараал хүртсэн хүнийг Та зэмлэдэг юм.
22Буруутгал ба доромжлолыг надаас зайлуулаач.
Учир нь би Таны гэрчлэлүүдийг сахидаг билээ.
23Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг ч гэсэн
Таны зарц Таны зарлигуудыг бясалгадаг.
24Таны гэрчлэлүүд мөн миний баясал,
Миний зөвлөгчид юм.

25Миний сэтгэл тоос шороонд дарагдсан.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
26Би өөрийн явдлуудын тухай ярьсан бөгөөд Та надад хариулсан билээ.
27Өөрийн зарлигуудыг надад заагаач.
Өөрийн тушаалуудын замуудыг надад ухааруулаач.
Тэгвэл би Таны гайхамшгуудыг бясалгана.
28Гашуудлаас болж сэтгэл минь уйлдаг.
Өөрийн үгийн дагуу намайг хүчжүүлээч.
29Худал хуурмаг замыг надаас зайлуулж,
Өөрийн хуулийг надад нигүүлсэнгүйгээр хүртээгээч.
30Би итгэлтэй замыг сонгосон юм.
Би Таны тогтоолуудыг өмнөө тавьсан билээ.
31Би Таны гэрчлэлүүдээс зуурдаг.
ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32Та зүрхийг минь уужруулах учир
Би Таны тушаалуудын замаар гүйх болно.

33Өө, ЭЗЭН, Өөрийн зарлигуудын ёс журмыг надад заагаач.
Би түүнийг эцэс хүртэл мөрдөнө.
34Би Таны хуулийг мөрдөж,
Бүхий л зүрхээр түүнийг сахин биелүүлэхийн тулд надад ухаарлыг хайрлаач.
35Өөрийнхөө тушаалуудын жимээр намайг алхуулаач,
Учир нь би түүнд баярладаг билээ.
36Зүрхийг минь олз уруу бус,
Өөрийн гэрчлэл уруу хандуулаач.
37Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн,
Өөрийн замд намайг сэргээгээч.
38Танаас эмээх айдсыг төрүүлдэг
Өөрийн үгийг Өөрийн зарцад бататгаач.
39Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач.
Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.
40Харагтун, би Таны тушаалуудыг хүсэмжилж байна.
Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч.

41Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл,
Таны үгийн дагуу аврал тань надад ирэх болтугай.
42Тэгвэл намайг буруутгадаг хүнд хариулах үг надад бий болно.
Учир нь би Таны үгэнд итгэдэг юм.
43Үнэний үгийг амнаас минь бүрмөсөн бүү аваач.
Учир нь би Таны тогтоолуудыг хүлээдэг билээ.
44Ингэвэл би Таны хуулийг үргэлж,
Мөнхийн мөнхөд сахина.
45Би Таны тушаалуудыг хайдаг учраас
Чөлөөтэй алхах болно.
46Би бас хаадын өмнө Таны гэрчлэлүүдийг ярих бөгөөд
Ичихгүй байх болно.
47Би өөрийн хайрладаг
Таны тушаалуудад баясах болно.
48Би өөрийн хайрладаг
Таны тушаалууд уруу гараа өргөх болно.
Би Таны зарлигуудыг бясалгана.

49Таны надад найдварыг өгсөн,
Өөрийн зарцад хандуулсан үгийг санаач.
50Таны үг намайг сэргээсэн нь
Миний зовлон зүдгүүрийн дундах миний тайвшрал юм.
51Бардам хүн намайг ихэд тохуурхдаг,
Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52Өө, ЭЗЭН, би Таны эртний тогтоолуудыг санасан бөгөөд
Өөрийгөө тайтгаруулдаг.
53Таны хуулийг огоорсон
Хорон муу хүнээс болж шатам их зэвүүцэл намайг барин авсан.
54Миний аян замын өргөөнд
Таны зарлигууд бол миний дуу юм.
55Өө, ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж,
Таны хуулийг сахидаг.
56Би Таны тушаалуудыг биелүүлдэг нь
Минийх болсон юм.

57ЭЗЭН бол миний хувь юм.
Би Таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ.
58Би бүхий л зүрхээр Таны ивээлийг хайсан билээ.
Өөрийн үгийн дагуу надад нигүүлсэнгүй байгаач.
59Би замуудаа тунгаан бодож,
Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.
60Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр
Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.
61Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн,
Гэвч би Таны хуулийг мартаагүй билээ.
62Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би Танд талархахаар шөнө дунд босох болно.
63Би Танаас эмээдэг бүх хүмүүс хийгээд
Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм.
64Өө, ЭЗЭН, газар дэлхий Таны хайр энэрлээр дүүрэн.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.

65Өө, ЭЗЭН, Та Өөрийн үгийн дагуу
Өөрийн зарцад сайнаар хандсан билээ.
66Би Таны тушаалуудад итгэдэг учраас
Надад ялгах чадвар болон мэдлэгийг заагаач.
67Зовж шаналахынхаа өмнө би буруу зүг уруу явсан байжээ.
Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.
68Та бол сайн бөгөөд сайныг үйлддэг билээ.
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
69Бардам хүн миний эсрэг гүтгэлэг зохиодог.
Би бүхий л зүрхээр Таны тушаалуудыг биелүүлнэ.
70Тэдний зүрх сэтгэл хатуурсан,
Харин би Таны хуульд баясдаг.
71Миний зовон шаналсан нь,
Таны зарлигуудыг сурах болсон нь надад тустай.
72Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.

73Таны мутар намайг урлан бүтээсэн юм.
Өөрийн тушаалуудыг надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч.
74Би Таны үгийг хүлээдэг учраас
Танаас эмээгчид намайг хараад, баярлах болтугай.
75Өө, ЭЗЭН, Таны шүүлтүүд зөв шударга бөгөөд
Та итгэлтэй байдал дотор намайг зовоон шаналгасан гэдгийг би мэднэ.
76Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу
Таны хайр энэрэл намайг тайтгаруулах болтугай.
77Намайг амьд байлгахаар Таны өршөөл надад ирэг.
Учир нь Таны хууль бол миний баясгалан юм.
78Намайг худал хуурмагаар завхруулсан учраас бардам хүмүүс ичих болтугай.
Харин би Таны тушаалуудыг бясалгана.
79Танаас эмээдэг,
Таны гэрчлэлүүдийг мэддэг хүмүүс над уруу эргэх болтугай.
80Би ичгүүрт орохгүйн тулд
Зүрх минь Таны зарлигууд дотор гэм зэмгүй байх болтугай.

81Сэтгэл минь Таны авралыг хайсаар сульддаг.
Би Таны үгийг хүлээдэг.
82Намайг “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?” гэж хэлэхэд
Таны үгийн төлөө нүд минь гархилдаг.
83Хэдийгээр би утаан доторх хөхүүр шиг болсон ч гэсэн
Би Таны зарлигуудыг мартдаггүй.
84Таны зарцын өдрүүд хэд вэ?
Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85Таны хуулийг үл дагагчид болох
Бардам хүмүүс надад нүх ухжээ.
86Таны бүх тушаалууд итгэлтэй юм.
Тэд намайг худал хуурмагаар хавчсан юм. Надад туслаач!
87Тэд намайг газар дэлхий дээр бараг хороожээ,
Гэвч би Таны тушаалуудыг огоороогүй.
88Надаар Таны амнаас гарах гэрчлэлийг сахиулахын тулд
Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.

89Өө, ЭЗЭН, Таны үг тэнгэрт
Мөнхөд бат тогтдог.
90Таны итгэлтэй байдал бүх үеийн туршид үргэлжилдэг.
Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар байна.
91Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог.
Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.
92Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол
Тэгвэл би зовлон шаналал дотроо мөхөх байсан.
93Би Таны тушаалуудыг хэзээ ч мартахгүй.
Учир нь тэдгээрээр Та намайг сэргээсэн билээ.
94Би Таных билээ, намайг авраач.
Учир нь би Таны тушаалуудыг эрэн хайсан юм.
95Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг.
Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.
96Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч
Таны тушаал бол хэмжээлшгүй өргөн дэлгэр юм.

97Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!
Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.
98Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог.
Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг.
99Таны гэрчлэлүүд миний бясалгал учир
Би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон.
100Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас
Би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг.
101Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд
Бүх бузар замаас хөлөө татсан юм.
102Та Өөрөө надад заасан учир
Би Таны тогтоолуудаас гажаагүй.
103Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ!
Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!
104Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг.
Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.

105
Таны үг бол миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл юм.
106Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж
Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.
107Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн.
Өө, ЭЗЭН, Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
108Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн авч,
Өөрийн тогтоолуудыг надад заагаач.
109Амь насанд минь аюул нүүрлэсээр байна
Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.
110Хорон санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан,
Гэвч би Таны тушаалуудаас гажаагүй билээ.
111Би Таны гэрчлэлүүдийг мөнхөд өв болгон авсан.
Учир нь тэд зүрхний минь баясгалан юм.
112Би Таны зарлигуудыг гүйцэлдүүлэхээр зүрхээ
Мөнхөд, эцэс хүртэл зориулсан.

113Би хоёр санаатай хүмүүсийг үзэн яддаг,
Харин Таны хуульд би хайртай.
114Та бол миний хоргодох газар ба миний бамбай.
Би Таны үгийг хүлээдэг.
115Би Бурханыхаа тушаалуудыг сахин биелүүлэхийн тулд
Бузар мууг үйлдэгчид ээ, надаас холдогтун.
116Намайг амьд байлгахын тулд Өөрийн үгийн дагуу намайг дэмжин тэтгээч.
Намайг найдвараас минь болж ичгүүрт бүү оруулаач.
117Би аюулгүй байж,
Таны зарлигуудыг үргэлж анхаарахын тулд намайг тэтгээч.
118Та зарлигуудаас тань холдон одогчдыг бүгдийг голсон билээ.
Учир нь тэдний ов мэх дэмий хоосон юм.
119Та дэлхийн бүх хорон санаатнуудыг нүүрсний хог шиг хөсөр хаясан.
Тиймээс би Таны гэрчлэлүүдэд хайртай.
120Махан бие минь Танаас эмээхдээ чичирдэг бөгөөд
Би Таны шүүлтүүдээс айдаг юм.

121Би шударга ёс ба үнэн зөвийг үйлдсэн билээ.
Намайг дарлагчдад минь бүү тушаагаач.
122Өөрийн зарцад сайны төлөөх баталгаа болооч.
Бардамнагчдад намайг бүү дарлуулаач.
123Миний нүд Таны авралын төлөө хийгээд
Таны зөв шударга үгийн төлөө гархилан сульддаг.
124Өөрийн хайр энэрлийн дагуу зарцдаа хандаж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
125Би Таны зарц билээ.
Би Таны гэрчлэлүүдийг мэддэг байхын тулд надад ухаарлыг өгөөч.
126Тэд Таны хуулийг зөрчсөн тул
ЭЗЭНий ажиллах цаг ирчихээд байна.
127Тиймээс би Таны тушаалуудад
Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.
128Тиймээс би аливаа тогтоолуудыг зөвд тооцдог бөгөөд
Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм.

129Таны гэрчлэлүүд бол гайхамшигтай.
Тиймээс сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг.
Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.
131Би Таны тушаалуудад тэмүүлсэн учир
Амаа том ангайн аахилсан.
132Таны нэрийг хайрлагсдад үйлддэг шигээ
Над уруу эргэж, намайг нигүүлсээч.
133Миний алхмуудыг Өөрийн үгэн дээр тогтоож,
Ямар ч гэм бурууд намайг ноёрхохыг бүү зөвшөөрөөч.
134Би Таны тушаалуудыг сахихын тулд
Хүний дарлалаас намайг золиоч.
135Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж,
Өөрийн зарлигуудыг надад заагаач.
136Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир
Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.

137Өө ЭЗЭН, Та бол шударга бөгөөд
Таны шүүлтүүд шулуун шударга юм.
138Та зөв шударга ба
Хэмжээлшгүй итгэлтэй байдалд Өөрийн гэрчлэлүүдийг тушаасан билээ.
139Миний өстнүүд Таны үгсийг мартсан учраас
Миний хичээл зүтгэл намайг үгүй болгожээ.
140Таны үг бол маш цэвэр тунгалаг билээ.
Тиймээс Таны зарц түүнийг хайрладаг юм.
141Би дорд ба үзэн ядагдсан,
Гэсэн ч би Таны тушаалуудыг мартдаггүй.
142Таны зөв шударга байдал бол мөнхийнх бөгөөд
Таны хууль бол үнэн юм.
143Бэрхшээл ба зовлон надад тохиолдсон,
Гэвч Таны тушаалууд бол миний баясал юм.
144Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу.
Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.

145Би бүхий л зүрхээрээ хашхирсан билээ. Өө, ЭЗЭН, надад хариулаач!
Би Таны зарлигуудыг сахин биелүүлнэ.
146Би Танд хандан хашхирсан. Намайг авраач.
Тэгвэл би Таны гэрчлэлүүдийг биелүүлэх болно.
147Би үүр цайхын өмнө босож, тусламж гуйн хашхирдаг.
Би Таны үгсийг хүлээдэг.
148Таны үгийг тунгаан бодохын тулд
Би шөнийн манааны өмнө нүдээ нээдэг.
149Өөрийн хайр энэрлийн дагуу миний дуу хоолойг сонсооч.
Өө, ЭЗЭН, Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
150Хорон мууг дагагчид ойртон ирж байна.
Тэд Таны хуулиас хол билээ.
151Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд
Таны бүх тушаалууд ч үнэн билээ.
152Эрт үеэс Би Таны гэрчлэлүүдээс
Та тэднийг мөнхөд бий болгосныг мэдсэн билээ.

153Миний зовлонг харж, намайг авраач.
Учир нь би Таны хуулийг мартдаггүй.
154Миний хэргийг өмгөөлж, намайг золиоч.
Өөрийн үгийн дагуу намайг сэргээгээч.
155Аврал хорон муу хүмүүсээс хол байдаг.
Учир нь тэд Таны зарлигуудыг эрж хайдаггүй билээ.
156Өө, ЭЗЭН, Таны өршөөлүүд агуу их юм.
Өөрийн тогтоолуудын дагуу намайг сэргээгээч.
157Намайг хавчигчид болон миний өстнүүд олон боловч
Би Таны гэрчлэлүүдээс гаждаггүй.
158Би ов мэхтнүүдийг хараад, жигшдэг.
Учир нь тэд Таны үгийг сахин биелүүлдэггүй.
159Таны тушаалуудыг хэрхэн хайрлаж буйг минь хараач.
Өө, ЭЗЭН, Өөрийн хайр энэрлийн дагуу намайг сэргээгээч.
160Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд
Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.

161Ноёд намайг шалтгаангүйгээр хавчдаг,
Харин зүрх минь Таны үгнээс л сүрддэг.
162Их олз олсон хүн шиг
Би Таны үгэнд баясдаг.
163Би худал хуурмагийг үзэн ядан, жигшдэг,
Харин Таны хуулийг би хайрладаг.
164Таны зөв шударга тогтоолуудын улмаас
Би өдөрт долоон удаа Таныг магтдаг.
165Таны хуулийг хайрлагчид агуу амар амгалан байдаг бөгөөд
Тэднийг бүдрүүлэх зүйл ч байдаггүй.
166Өө, ЭЗЭН, би Таны авралд найддаг бөгөөд
Таны тушаалуудыг биелүүлдэг.
167Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг сахидаг бөгөөд
Би тэдэнд хэмжээлшгүй их хайртай.
168Би Таны тушаалууд ба гэрчлэлүүдийг сахьдаг,
Учир нь миний бүх явдал Таны өмнө байдаг билээ.

169Өө, ЭЗЭН, миний хашхирах дуу Таны өмнө хүрэг.
Өөрийн үгийн дагуу надад ухаарлыг хайрлаач.
170Миний гуйлтыг Өөрийн өмнө ирүүлээч.
Өөрийн үгийн дагуу намайг авраач.
171Та надад зарлигуудаа заадаг учраас
Уруул минь магтаалыг гаргаг.
172Таны бүх тушаалууд зөв шударга учраас
Хэл минь Таны үгийн талаар дуулаг.
173Би Таны тушаалуудыг сонгосон учир
Таны мутар надад туслахад бэлэн болог.
174Өө, ЭЗЭН, би Таны авралыг хүсэн тэмүүлдэг бөгөөд
Таны хууль бол миний баясал юм.
175Таныг магтахын тулд сэтгэлийг минь амьд байлгаач.
Өөрийн тогтоолуудыг надад туслуулаач.
176Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч.
Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ.