Хурга ба хүмүүс

14 Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байлаа. Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгшиг ая мэт байлаа. Тэд сэнтийн өмнө болон дөрвөн амьтан, мөн ахлагчдын өмнө шинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч эс чадав. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. Тэдний амнаас ямар ч худал хуурмаг олдсонгүй. Тэд гэм зэмгүй.

Гурван тэнгэрэлчийн мэдээ

 Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэрэлч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайнмэдээ түүнд байна. Тэр чанга дуугаар

—Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө. Яагаад гэвэл Түүний шүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө гэлээ.

Өөр нэгэн тэнгэрэлч буюу хоёр дахь нь араас нь даган

—Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.

Өөр нэгэн тэнгэрэлч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар

—Хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна, 10 тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэрэлч нар ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна. 11 Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн өдөр ч, шөнө ч амрахгүй. 12 Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.

13 —Одооноос эхлээд, Эзэн дотор үхэгч үхэгсэд нь ерөөлтэй еэ! гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс

—Тийм ээ, тэд зүдэл зүтгэлээсээ салж амраг. Учир нь тэднийг ажил үйлс нь дагадаг гэж айлдав.

Дэлхийн ургацыг хураах нь

 14 Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр заларч байлаа. 15 Өөр нэгэн тэнгэрэлч сүмээс гарч ирэн, үүлэн дээр Залрагчид хандан

—Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж ав гэж чанга дуугаар хашхирч байна. 16 Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр ширвэсэнд дэлхий хураагдсан байлаа.

17 Тэнгэр дэх сүмээс өөр нэгэн тэнгэрэлч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв. 18 Галыг захирах эрх мэдэлтэй өөр тэнгэрэлч тахилын ширээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэрэлчид хандан

—Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцуудыг хураа гэж чангаар дуудан хэлэв. 19 Тэнгэрэлч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн их шахуургад хаялаа. 20 Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины амгайд хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урсав.