Долоон лац

6 Хурга долоон лацны нэгийг эвдэхийг би харав. Мөн дөрвөн амьтны нэг нь “Ирэгтүн” гэж аянгын дуун лугаа адил хэлэхийг би сонслоо. Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.

Тэр хоёр дахь лацыг эвдэх үед хоёр дахь амьтан нь “Ирэгтүн” гэхийг би сонслоо. Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс амар тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биенээ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв.

Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд гурав дахь амьтан нь “Ирэгтүн” гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв.

Хэмжүүр буудай нь нэг денар, гурван хэмжүүр арвай нь нэг денар болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дууг би сонсов.

Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд “Ирэгтүн” гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов. Харагтун, би зэгэл ногоон морийг харлаа. Түүнийг унасан нэгний нэрийг “Үхэл” гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөх эрх мэдэл тэдэнд өгөгдөв.

Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг ба өөрсдийн сахиж байсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнс тахилын ширээн доор байхыг би харав. 10 Тэд чанга дуугаар

—Ариун ба үнэн Эзэнтэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхирч байлаа. 11 Тэдэнд тусбүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчид болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл цааш түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ.

 12 Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов. 13 Хүчтэй салхинд сэгсрэгдсэн инжрийн мод боловсроогүй жимсээ хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, 14 хуйлагдах ном лугаа адил тэнгэр заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлгөгдөв. 15 Дэлхийн хаад, суутнууд, цэргийн жанжингууд, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хаданд нуугдацгааж, 16 уулс ба хадуудад хандан

—Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс ба Хурганы уур хилэнгээс далдлаач. 17 Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.