Долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч

15 Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм. Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав. Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав.

—Төгс хүчит

Эзэн Бурхан минь,

Таны үйлс

агуу бөгөөд гайхалтай.

Үндэстнүүдийн Хаан, Таны замууд

зөвт бөгөөд үнэн.

Өө, Эзэн, Танаас үл эмээх,

нэрийг тань эс алдаршуулах

хэн байх вэ?

Учир нь зөвхөн Та ариун билээ.

Бүх үндэстэн

Таны өмнө ирж, мөргөнө.

Учир нь Таны

зөвт үйлс илчлэгдсэн.

Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв. Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч сүмээс гарч ирлээ. Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв. Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэрэлчийн долоон гамшиг төгсөх хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.