Тэнгэрт баярласан нь

19 Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд

—Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд. Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр шийтгэв. Тэр боолуудынхаа цусны өшөөг түүнээс авсан гэлээ. Хоёр дахь удаагаа тэд

—Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв. Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мөргөж

—Амен. Халлелуяа! гэв.

Сэнтийнээс дуу гарч

—Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага бүгд ээ, Бурханд маань магтаалыг өргө гэв. Хурсан олны дуу шиг, их усны шуугиан мэт, хүчит аянгын нүргээн адил

—Халлелуяа! Төгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов. Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариун хүмүүсийн зөвт үйлс юм.

Тэр надад

—Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! гэж бичигтүн гээд

—Эдгээр нь Бурханы үнэн үгс мөн гэлээ. 10 Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад

—Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.

Цагаан морьтон

 11 Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг. 12 Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа. 13 Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ. 14 Цагаан бөгөөд цэвэр, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэрийн дайчид цагаан морьд унан Түүнийг дагаж байв. 15 Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна. 16 Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.

Араатан ба түүний

хамсаатан ялагдав

 17 Наран дээр нэгэн тэнгэрэлч зогсохыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн доогуур нисэж буй бүх шувуудад

—Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун. 18 Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын мах, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүгдийн махыг идэх юм хэмээн хэлэв. 19 Морь унасан Түүний ба дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав. 20 Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв. 21 Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.