Вавилоны нуралт

18 Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв. Тэр хүчит дуугаар хашхиран

—Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна. Учир нь түүний завхайрлын тачаалт дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоож, дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.

Тэнгэрээс өөр нэг дуу

—Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов. Яагаад гэвэл түүний нүглүүд тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний ёс бусыг санажээ. Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин ихээр буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг. Тэр өөрийгөө хичнээн их алдаршуулж, хээнцэр тансаг амьдарсных нь хэмжээгээр түүнд тарчлал, уй гашууг өг. Учир нь тэр зүрхэндээ “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж хэлдэг. Тиймээс нэг л өдөр түүн дээр гамшгууд үхэл, гашуудал, өлсгөлөн ирнэ. Тэр галд шатна. Яагаад гэвэл түүнийг шүүгч Эзэн Бурхан хүчтэй.

Түүнтэй завхайран, хээнцэр тансаг амьдарсан дэлхийн хаад шатах утааг нь хараад уйлж, гашуудна. 10 Тэд түүний тарчлалаас айсандаа хол зогсоод

—Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Ганц цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.

11 Дэлхийн худалдаачид уйлж, түүний төлөө гашуудна. Учир нь тэдний ачаа барааг дахиж хэн ч худалдаж авахгүй. 12 Ачаа бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнийн чулуунууд, сувд, нарийн маалинга, нил ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэртэй төрөл бүрийн мод, зааны ясан эдлэлүүд, хамгийн үнэтэй модоор ба зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэлүүд, 13 шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэртэн, гүгэл, дарс, чидун тос, нарийн гурил, буудай, үхэр, хонь, морьд, тэрэг, боол ба хүний амь байв. 14 Сэтгэл чинь хүсэн тэмүүлдэг үр жимс чамайг орхисон. Хээнцэр, тансаг байсан бүх юмс чинь байхгүй болсон. Тэдгээр нь дахиж олдохгүй. 15 Түүгээр баяжсан ийм зүйлсийн худалдаачид, тарчлалаас нь айсандаа зайдуу зогсоод уйлж, гашуудан

16 Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ! 17 Ийм их баялаг ганц цагийн дотор хог боллоо гэцгээнэ.

Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн хол зогсоод 18 түүний шатах галын утааг харангаа

—Агуу их хоттой зүйрлэх юу байв даа? гэж хашхирч байлаа. 19 Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдан

—Агуу их хот, золгүй еэ, золгүй еэ! Тэнгист усан онгоцтой бүхэн түүний баялгаар баяжсан билээ. Хот ганцхан цагийн дотор хог боллоо гэв. 20 Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, түүний улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв.

21 Хүчит нэгэн тэнгэрэлч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа

—Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй. 22 Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсдохгүй. Олон янзын уран дархчуул ч чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ ч чиний дотор цаашид сонсдохгүй. 23 Дэнгийн гэрэл чиний дотор цаашид гэрэлтэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор цаашид сонсдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл ид шидэнд чинь бүх үндэстэн мэхлэгдсэн юм. 24 Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.