Ефес дэх чуулганд

2 Ефес дэх чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дундуур алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.

 «Би чиний ажил үйлс ба зүдэл зүтгэл, тэвчээрийг чинь болон муу муухай хүмүүсийг тэвчдэггүйг, мөн өөрсдийгөө элч нар хэмээдэг ч, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, худал байсныг нь илчилснийг чинь мэднэ. Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, үл цуцав. Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа сана бас гэмш. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно. Гэвч чамд сайн юм бий. Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мөн үзэн яддаг. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно.»”

Смирна дахь чуулганд

 Смирна дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Эхэн ба Эцэс, үхсэн байгаад амилсан Нэгэн ийнхүү айлдаж байна.

«Би чиний зовлон зүдүүр, хоосролыг (гэвч чи баян) болон өөрсдийгөө иудейчүүд хэмээдэг Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ. 10 Эдлэх гэж буй зовлонгуудаасаа бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь шоронд хаях гэж байна. Та нарт арван өдөр зовлон ирнэ. Үхэл хүртэл үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм өгнө. 11 Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.»”

Пергам дахь чуулганд

 12 Пергам дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна.

13 «Чиний хаана нутагладгийг Би мэднэ. Тэнд чинь Сатаны сэнтий байдаг ч чи Миний нэрийг хадгалж, бүр Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний итгэмжит гэрч Антипын өдрүүдэд ч надад итгэдгээ үгүйсгээгүй билээ. 14 Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан. 15 Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий. 16 Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам дээр даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно. 17 Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас өгнө. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө.»”

Туатейр дахь чуулганд

 18 Туатейр дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Галын дөл адил нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй Бурханы Хүү ийнхүү айлдаж байна.

19 «Би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн үйл чинь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ. 20 Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Миний зарц нарыг садарлуулан, шүтээнүүдэд өргөсөн юм идэхийг сурган, төөрөлдүүлэхийг өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд чи зөвшөөрсөн. 21 Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна. 22 Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмшихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана. 23 Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө. 24 Харин Туатейрт буй бусад, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь хэлдгээр “Сатаны гүн юмсыг мэддэггүй” та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй. 25 Гагцхүү Намайг иртэл юу байгаагаа бат сахь. 26 Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагсдад Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл өгнө. 27 Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсанчлан тэр хүн шавар савнуудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно. 28 Би түүнд үүрийн цолмонг өгнө. 29 Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”