9 Тав дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрээс дэлхийд унасан одыг би харав. Тэр одонд оёоргүй гүний худгийн түлхүүрийг өгсөн байлаа. Өнөөх од оёоргүй гүний худгийг нээтэл асар том зуухных мэт утаа худгаас гарав. Худгийн утаанаас болж нар, агаар харанхуйллаа. Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч мэт хүчийг тэдэнд өгсөн байжээ. Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон ургамал болон модонд хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм. Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгал нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил аж. Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайвч яагаад ч олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.

 Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алтан титэм мэт зүйлстэй, нүүр нь хүний нүүр шиг байв. Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд шүд нь арслангийн шүд шиг байв. Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьт тэрэгний чимээтэй адил байлаа. 10 Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг. 11 Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь оёоргүй гүний тэнгэрэлч ажээ. Нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.

12 Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.

13 Зургаа дахь тэнгэрэлч бүрээдэхэд Бурханы өмнө буй тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь 14 бүрээ бүхий зургаа дахь тэнгэрэлчид хандан

—Агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэрэлчийг сулла гэв. 15 Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн дөрвөн тэнгэрэлч суллагдав. 16 Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов. 17 Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэръяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана. 18 Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа. 19 Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хөнөөл учруулж байв.

 20 Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй, чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө ч больсонгүй. 21 Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.