Амийн гол

 22 Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ. Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.

Тэр надад

—Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэрэлчээ илгээв.

Төгсгөл ба ерөөлийн залбирал

“Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэв.

Иохан, би бол эдгээр зүйлсийг үзэж, сонссон нэгэн юм. Би үзэж, сонсоод эдгээр зүйлсийг надад үзүүлсэн тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унав. Тэр надад

—Үзэгтүн, бүү ингэ. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө гэв. 10 Тэр надад ингэж хэлэв.

—Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна. 11 Зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байг, бузар муу нь бузар муугаараа л байг. Зөвт нь зөвт явдлаа үйлдсээр л байг, ариун нь ариунаараа л байг.

12 Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа. 13 Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм.

14 Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ! 15 Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.

16 Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв. 17 Сүнс болон сүйт бүсгүй

—Ирээрэй гэнэ. Сонсогч нь

—Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.

18 Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. 19 Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.

20 Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр

—Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!

21 Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.