Долоо дахь лац ба алтан бойпор

8 Түүнийг долоо дахь лацыг эвдэхэд бараг хагас цаг тэнгэрт чив чимээгүй болов. Бурханы өмнө зогсох долоон тэнгэрэлчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байлаа.

Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ. Утлагын утаа нь ариун хүмүүсийн залбирлын хамт тэнгэрэлчийн гараас гарч Бурханы өмнө суунаглав. Тэгээд тэнгэрэлч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт болов.

Долоон бүрээ

 Долоон бүрээтэй долоон тэнгэрэлч бүрээгээ татахад бэлтгэв.

Эхнийх нь бүрээдэхэд цустай холилдсон мөндөр, гал бий болж дэлхий уруу хаягдав. Дэлхийн гуравны нэг нь шатан, моддын гуравны нэг шатаж, бүх ногоон өвс шатлаа.

Хоёр дахь тэнгэрэлч бүрээдэхэд галаар шатаж буй асар том уул мэт юм тэнгист хаягдав. Тэнгисийн гуравны нэг нь цус болж, тэнгис доторх амьд амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцнуудын гуравны нэг нь сөнөлөө.

10 Гурав дахь тэнгэрэлч бүрээдэхэд бамбар мэт шатаж буй агуу том од тэнгэрээс гол мөрний гуравны нэг дээр болон усны эх булгууд дээр унав. 11 Тэр одны нэрийг “Шарилж” гэдэг бөгөөд усны гуравны нэг нь шарилж болов. Ус гашуун болсон тул олон хүн үхэцгээлээ.

12 Дөрөв дэх тэнгэрэлч бүрээдэхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болжээ.

13 Тэгээд би тэнгэрт нисэж буй нэгэн бүргэдийг харав. Тэр “Бүрээдэх гурван тэнгэрэлчийн бүрээн дуу үлдсэн тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонслоо.