10Ёс бус тогтоол гаргаж,

зөв бус шийдвэр бичигсэд

 хөөрхий еэ!

Ингэснээрээ тэд ядуусыг

 шударга явдлаас зайлуулж,

Ард түмний минь үгээгүйчүүдийг

 үнэн зөвөөс холдуулмуй.

Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг

 олз болгон,

Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.

3 Алсаас ирэх сүйрэл ба

 шийтгэлийн өдөр

Та нар юу хийх юм бэ?

Та нар хэн уруу тусламж гуйн

 зугтах вэ?

Мөн өөрсдийнхөө алдрыг хаана

 орхих вэ?

4 Олзлогдогсдын дунд бөхийн,

Алагдсан хүмүүсийн дунд

 унахаас өөр юу ч үлдэхгүй.

Энэ бүхнээс болж

Түүний уур хилэн эргэхгүй,

Тэрээр мутраа сунгасан хэвээр

 байна.

Ассири дээр буух шүүлт

Уур хилэнгийн таяг минь болох

 Ассири хөөрхий еэ!

Гарт буй саваа нь

 Миний зэвүүцэл юм.

6 Би түүнийг сүсэг бишрэлгүй

 үндэстний эсрэг,

Уур хилэнг минь хөдөлгөсөн

 ард түмний эсрэг явуулж,

Дээрэмдсэн зүйлийг олзлон,

Тэднийг гудамжны шавхай шалбааг

 мэт гишгэчих тушаалыг

Би түүнд өгнө.

Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй,

Зүрхэндээ ингэж

 төлөвлөхгүй боловч

Олон үндэстнийг

 тасчин устгах нь

Зүрхэн дэх зорилго нь юм.

Учир нь тэр ингэж хэлж байна.

“Жанжингууд минь бүгдээрээ

 хаад бус уу?

Кално нь Кархемиш шиг

Хамат нь Арпад шиг

Самари нь Дамаск шиг биш үү?

10 Мутар минь шүтээнүүдийн

 хаанчлалд хүрсний адил,

(Сийлмэл хөргүүд нь Иерусалим

 болоод Самарийнхаас ч илүү

 агуу)

11 Би Самари болоод шүтээнүүдэд нь

 хэрхэн хандсан шигээ

Иерусалим болон хөргүүдэд нь

 хандах бус уу?”

12 Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.” 13 Учир нь тэр

“Би өөрийн гарын хүчээр бас

 мэргэн ухаанаараа

 үүнийг хийсэн.

Учир нь би ухаантай.

Би ард түмний хил хязгаарыг

 шилжүүлэн,

Эд баялгийг нь дээрэмдэн,

Сэнтийд залрагчдыг

Хүчит нэгэн мэт түлхэн унагав.

14 Шувууны үүр мэт ард түмний эд

 баялагт гар минь хүрч,

Орхигдсон өндгийг цуглуулдаг

 нэгний адил

Би бүх газрыг цуглуулан авав.

Тэнд жигүүрээ дэвж,

 хошуугаа нээн

 жиргэх нэгэн алга” гэлээ.

15 Сүх, цавчигч хүндээ

 өөрийгөө сайрхах уу?

Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа

 хүнийхээ өмнө

Өөрийгөө өргөмжлөх үү?

Энэ нь өөрөөр нь далайгчийг

 эзэмших шийдэм,

Өөрийгөө мод биш юм шиг өргөх

 таягтай адил юм.

16 Тиймээс түг түмдийн БУРХАН

 Эзэн

Зоригт дайчид уруу нь

 доройтуулах

 өвчнийг явуулж,

Сүр жавхлангийнх нь дор

Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.

17 Израилийн гэрэл нь гал,

Ариун Нэгэн нь дөл болж,

Өргөст бут сундуу бутыг нь

 ганцхан өдөрт шатаана.

18 Тэр түүний шигүү ойн сүр жавхлан,

Үр жимст цэцэрлэг бүгдийг нь

 устгана.

Өвчтэй хүн доройтдогийн адил

 болно.

19 Ойн модноос нь үлдсэн моддын

 тоо нь

Хүүхэд бичиж болмоор

 тун бага байх болно.

Израилийн үлдэгсэд гэмшинэ

 20 Тэр өдөр Израилийн үлдэгсэд, Иаковын гэрийнхний амь хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг түшихээ болиод, харин ЭЗЭНийг, Израилийн Ариун Нэгэнийг үнэнээр түшнэ.

21 Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд

 хүчит Бурхан өөдөө эргэнэ.

22 Израиль аа, чиний ард түмэн

 хэдийгээр

Далайн элс мэт байсан ч

Үлдэгсэд нь л буцна.

Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд

зөвөөр дүүрэн байна.

23 Учир нь түг түмдийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх газрын дунд хэрэгжүүлнэ. 24 Иймд түг түмдийн БУРХАН Эзэн ийн айлдаж байна.

—Сионд оршдог ард түмэн минь! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун. 25 Учир нь тун удахгүй та нарын эсрэг хандсан зэвүүцэл минь дуусгавар болж, уур хилэн минь тэдний сүйрэл уруу чиглэнэ. 26 Түг түмдийн ЭЗЭН, Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэрээр Египетэд хийсэн шигээ таягаа далайн дээгүүр сунгана. 27 Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж буулга нь эвдэрнэ.

28 Тэр Аиатад ирж,

Мигроноор дамжин Михмашт

 нөөцөө хадгална.

29 Тэд давааг даваад “Бид Гебад

 хоноглох болно” гэв.

Рама цочирдож, Саулын Гибеа

 зугтав.

30 Галлимын охид оо.

Бүх дуугаараа чанга хашхирцгаа!

Анхаарагтун Лаиша.

Хөөрхийлөлтэй Анатот оо!

31 Мадмена зугтаж,

Гебимийн оршин суугчид

 хоргодох газар хайв.

32 Тэр өнөөдөр Нобт буудаллан

Сион охины уул,

Иерусалимын толгод дээр

 нударга зангидан

 заналхийлнэ.

33 Харагтун,

Түг түмдийн БУРХАН Эзэн

Аюумшигт хүчээр модны мөчрийг

 тас цавчина.

Хэмжээгээр өндөр нь цавчигдана,

Ихэмсэг хүмүүс басамжлагдана.

34 Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг

 цавчиж,

Гайхамшигт мододтойгоо Ливан

 унана.