Шударга засаглалыг зөгнөв

32 1 Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан

Ноёд нь шударгаар захирна.

2 Хүн бүр салхинаас хоргодох газар,

Шуурганаас халхлах халхавч,

Хуурай газрын усны суваг,

Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.

3 Тэгээд хараатай хүмүүсийн нүд хаагдахгүй,

Сонсох чихтэй нь сонсох болно.

4 Адгуу хүний зүрх

Мэдлэгийг ялган таньж,

Хэлгий хүний хэл нь

Тод ярих гэж яарна.

5 Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй,

Зальт этгээдийг өглөгч гэхгүй.

Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг.

Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж,

Ундаасагчийг ундаар дутаахын тулд

ЭЗЭНий эсрэг буруу ярьж,

Жигшүүрт явдлыг үйлдэхээр

Зүрх нь ёс бусыг зохиодог.

7 Зальт этгээдийн зэвсэг нь ёрын муу билээ.

Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч,

Худал хуурмаг үгсээр

Үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд

Булай санааг тэрээр зохиодог.

8 Харин сурвалжит хүн

Уужим сэтгэж, түүн дээрээ тогтдог.

Маадгар эмсэд сануулах нь

9 Маадгар эмс ээ.

Босож, дуу хоолойг минь сонс,

Ихэрхүү охид оо, үгэнд минь чих тавь!

10 Жил гаруйхны дотор

Ихэрхүү та нар зовох болно.

Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж,

Жимс хураалт болохгүй.

11 Маадгар эмс ээ, цочирд,

Бардам охид оо, зов!

Хувцсаа тайлан нүцгэлж,

Бэлхүүсээрээ таар ороо!

12 Үржилтэй талбай,

Шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлд!

13 Ард түмний минь нутаг,

Сундуу бут, өргөст бутаар дүүрэх газрын төлөө,

Баясгалант хот, жаргалтай бүх гэрүүдийн төлөө гашууд!

14 Учир нь орд харш хаягдан

Их шуугиант хот мартагдан

Хэрэм цамхгууд нь үүрд

Малын бэлчээр, хулангийн хороо болно.

15 Өндрөөс, дээрээс маань Сүнс цутгах хүртэл,

Зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,

Үржил шимтэй талбай нь ой мод мэт болтол

Тийм байх болно.

Бурханы хаанчлалын амар амгалан

16 Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,

Үнэн зөв нь үржилтэй талбайд байна.

17 Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,

Үнэн зөвийн үр дүн нь

Үүрдийн амар амгалан,

аюулгүй байдал болно.

18 Ард түмэн минь амар тайван орчинд,

Аюулгүй гэрүүдэд,

ажин түжин газарт амьдарна.

19 Ойд мөндөр орж

Хот доош шигдэх болно.

20 Бүх усны дэргэд үр суулгаж,

Шар, илжгээ чөлөөтэй идээшлүүлэх

Та нар юутай ивээлтэй байх бол!