Ахаз хааныг Исаиа тайвшруулав

7 Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч эзлэн авч чадсангүй. 2 “Арамчууд Ефраимд хуарагнан буулаа” гэж Давидын гэрт мэдэгдсэнд Ахаз болон түүний хүмүүсийн зүрх салхинд найгах ойн мод шиг чичрэв. 3 ЭЗЭН, Исаиад айлдан

—Чи одоо өөрийн хүү Шеар-иашубын хамт гарч яван дээд цөөрмийн ус түгээгүүрийн эцэс дэх угаалгын газар уруу явдаг төв зам дээр Ахазтай уулзаад, түүнд ингэж хэл! “Болгоомжтой, тайван бай. Уугин буй модны хоёр хожуул болох Резин, Арам мөн Ремалиагийн хүүгийн догшин уур хилэнгээс бүү ай, бүү зүрх алд. 5 Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж, 6 «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлгаж, өөрсдөдөө Иерусалимыг таслан аваад дунд нь Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв. 7 Тиймээс Эзэн БУРХАН «Ийм юм болохгүй, бүтэхгүй. Учир нь Арамын тэргүүн нь Дамаск, Дамаскийн тэргүүн нь Резин юм. (Жаран таван жилийн дотор Ефраим бутарч, цаашид ард түмэн гэгдэхгүй.) Ефраимын тэргүүн нь Самари бөгөөд Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм. Хэрэв чи итгэхгүй бол, чи үнэхээр цаашид тогтохгүй» гэж айлдаж байна” гэлээ.

Иммануелийн тэмдгийг

Ахазад мэдүүлэв

10 Дараа нь ЭЗЭН, Ахазтай дахин ярьж, ийнхүү айлдав.

11 Бурхан ЭЗЭНээсээ тэмдэг гуйгтун. Үхэгсдийн орон шиг гүн эсвэл тэнгэр шиг өндөр хүсэлт тавь. 12 Харин Ахаз

—Би гуйхгүй, ЭЗЭНийг ч сорихгүй гэжээ. 13 Исаиа

—Одоо сонсогтун. Давидын гэр ээ! Хүмүүсийн тэвчээрийг сорих нь чамд багадаад, одоо Бурханы минь тэвчээрийг мөн сорих гэж байна уу? 14 Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ. 15 Тэр Хүү муугаас татгалзаж, сайныг сонгохоо мэдэх үедээ цөцгий ба зөгийн бал иднэ. 16 Учир нь Хүүг муугаас татгалзан сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно. 17 ЭЗЭН, Ассирийн хааныг чам дээр, чиний ард түмэн дээр, чиний эцгийн гэр дээр авчрах бөгөөд Ефраим нь Иудагаас тусгаарлагдсан тэр өдрөөс хойш хэзээ ч тийм өдрүүд тохиолдож байгаагүй гэв. 18 Тэр өдөр Египетийн голын ундрагад байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу ЭЗЭН исгэрнэ. 19 Тэд бүгдээрээ ирж, хавцал хөндий, хад цохионы ангал, бүх л өргөст бут болон устай бүх газарт сууна. 20 Тэр өдөр Эзэн, Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм. 21 Тэр өдөр хүн охин бяруу ба хоёр хонь амьд байлгах болно. 22 Тиймээс сүү элбэг болсноос тэр цөцгий идэх болно. Учир нь нутгийн дунд үлдсэн хүн бүр цөцгий ба зөгийн бал идэх болно. 23 Мянган мөнгөн шекелээр үнэлэгдсэн мянган усан үзмийн ороонго ургаж байсан газар бүрд тэр өдөр сундуу бут, өргөст бут ургана. 24 Бүх газар сундуу бут, өргөст бутаар дүүрсэн байх учир хүмүүс энд нум сумтайгаа ирэх болно. 25 Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын сундуу бут хийгээд өргөст бутнаас нь та нар айж тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.