Иудагийн ялалтын дуу

26  1 Тэр өдөр Иудагийн нутагт энэ

дуу дуулагдана.

“Бидэнд хүчирхэг хот байна.

Авралд зориулан Тэрээр

Хэрэм, бэхлэлт босгожээ.

2 Үүд хаалгаа нээн итгэмжит

байдлыг сахигч,

Зөвт үндэстнийг оруул!

Танд итгэдгийн улмаас

Санаа бат хүмүүнийг

Та амрын амар байлгана.

ЭЗЭНд үүрд итгэгтүн!

Учир нь ЭЗЭН БУРХАН дотор

Мөнхийн хад бий.

5 Өндөрт залрагчдыг

Тэрээр номхтгож,

Халдашгүй хотыг доройтуулан

Газарт унаган шороонд шиднэ.

Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл

гишгэлж дэвсэлнэ”.

Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ.

Аяа Зөвт Нэгэн ээ,

Зөвт хүний замыг тэгшхэн тавиач.

ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа

Таныг хүсэн хүлээнэ.

Таны нэр, Таныг дурсан магтах нь

Сэтгэлийн маань хүсэл болой.

9 Шөнөөр сэтгэл минь

Таныг хүсэмжлэн сүнс минь

Таныг шаргуу эрэлхийлнэ.

Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед

Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

10 Буруу муу хүн

энэрэл хайрыг ававч

Зөв явдлыг сурдаггүй.

Зөв шударгын газарт бурууг

тэрээр үйлдэн

ЭЗЭНий цог жавхланг

эс олж харна.

11 ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч

тэд үл үзнэ.

Хүмүүсийн төлөөх зүтгэлээ

Та тэдэнд харуулж,

Тэднийг ичээгээч.

Үнэхээр Таны дайснуудыг

гал залгина.

12 ЭЗЭН, Та мөн бидний төлөө

бүх үйлсийг минь бүтээсэн

учраас

Та бидэнд энхийг тогтооно.

13 Аяа Бурхан ЭЗЭН,

Танаас өөр эзэд

биднийг захирсан боловч

Зөвхөн Танаар дамжуулан

Нэрийг тань дурдах болно.

14 Үхдэл нь амьдрахгүй,

сүүдрүүд босохгүй.

Тиймээс Та тэднийг

шийтгэн устгаж,

Тэдний аливаа дурсамжийг

арилгасан.

15 ЭЗЭН минь, Та

үндэстнийг олшруулж,

Үндэстнийг өсгөж,

Та алдаршлаа.

Газрын бүх хязгаарт

Та хүрсэн.

16 ЭЗЭН минь, тэд шаналахдаа

Таныг эрсэн.

Таны гэсгээлт дээр нь байхад

Шивнэсэн залбирал л гарна.

17 Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,

Өвдөх шаналлаасаа болж

орилдог шиг

ЭЗЭН минь бид чинь

Таны өмнө ийм л байсан.

18 Жирэмслэн өвдсөн боловч

Салхи төрүүлж байгаа мэт байна.

Бид дэлхийн төлөөх чөлөөлөлтийг

гүйцээж чадсангүй.

Ертөнцийн суугчид ч төрүүлсэнгүй.

19 Таны үхэгсэд амилж,

Цогцос минь босно.

Тоосонд хэвтэгчид ээ!

Бос, баярлан хашхирагтун.

Таны шүүдэр нь гэрлүүдийн

шүүдэр мэт билээ.

Газар нь сүгүүдийг гаргана.

20 Ард түмэн минь, ирцгээ,

Өрөөндөө ороод хаалгаа хаагтун!

Уур хилэн өнгөртөл,

Түр зуур нуугдагтун!

21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин

суугчдыг

Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр

Өөрийнхөө газраас

ирэх гэж байна.

Дэлхий асгарсан цусаа илчлэн

Алагдагсдыг дахин далдлахгүй.